Sunday, February 12, 2017

Аян замын тэмдэглэл 2

Парис хотоос бид хурдан галт тэргээр Женев хотод очиж хэдэн цаг саатаж хотын төвөөр нь явж, алдарт швейцар цагны дэлгүүрүүдээр орж, баруун европын алдарт Леман нуур болон 150 орчим өндөртэй оргилдог  Жэттейбонсе  усан оргилуурыг үзэн хэдэн цаг болоод Милан хот руу хөдөлж 320 км явж  орой нь доорх "NH hotel Milanofiori"  буудалд байрласан. Тэгээд өглөө нь автобусандаа суугаад хөдлөхдөө ямар буудалд бууснаа гаднаас нь харсан хэхэ. Зургийг нь авч амжаагүй тул өвөрмөц дизайнтай буусан буудлынхаа зургийг нетээс аваад оруулчлаа :)


Милан нь Италийн 2 дахь  том хот ба Ломбарди мужийн нийслэл юм. Италийн баруун хойд зүгт оршдог.   181.76 км2 газар нутагтай. 1,295,723 хүн амтай. Улсынхаа аж үйлдвэр, санхүүнийн төв гэдгээс гадна хувцас загварын нэр хүнд, хөл бөмбөгийн Милан, Интер 2 багаараа дэлхийд алдартай хот юм. Италийн загварлаг хотуудын нэгээс гадна Европын хамгийн баян  хот хэмээгддэг. 
Хамт аялаад гайхамшигт уран барилга байгууламжуудыг үзээрэй :)
Өглөө эрт босож цайгаа уучихаад бид Милан хоттой танилцлаа. Алхаж явах зуур надад манай монголын туг хамгийн түрүүнд шууд нүдэнд туссан. Миланд болох нэг expo-д манайх оролцох гэж байх шиг байна. Ер нь нэг тийм бүүдгэрдүү өдрүүд байсан болхоор зургууд маань ч нэг л бүүдгэр байна :)
Хотоор алхаж танилцаж байгаад бид Милан хотын La Galleria хэмээх алдартай худалдааны төв дээр ирсэн. Архитектор Джузеппе Менгони-н загвараар 1865—1877 барьсан. Хаан Виктор Эммануил II-н нэрээр нэрлэгдсэн бөгөөд уг барилга нь латины загалмайн хэлбэртэй. Энэхүү барилга дотор алдарт брэндүүд, кофе шоп, ресторанууд байхаас гадна заримдаа янз бүрийн тоглолтууд болон үзэсгэлэнгүүд гардаг байна. Яг л үзэсгэлэн үзмэр шиг л дэлгүүр юм аа.

Дэлгүүрүүдээр орж сонирхсоны дараа хажууд нь байх алдарт Дуомо сүмийг үзлээ. Милан хотын зүрх нь гэгдэж болох энэ доорх зурган дээр буй Дуомо сүм нь XVI зууны сүүлээр баригдаж эхэлж XV зууны дунд үед дуусжээ. Готик (Неоготик) стилийн энэхүү сүм нь битүү цагаан гантигаар баригдсан.   Олон удирдагч, олон архитектор, инженер (Антонио да Салуццо, Джан Галеаццо Висконти, Никола де Бонавентура, Пеллегрино Пеллегрини) дамжин баригдсан энэхүү сүм тухайн үеийнхээ чиг хандлагын дагуу өөрчлөгдөн анхны төлөвлөгөө нь  өөрчлөгдсөн гэдэг.  Удаан хугацаанд баригдаж, гүйцэтгэл чимэглэл  маш олон стиль холигдож хийгдэх нь аргагүй юм. Архитекторуудаас гадна энэхүү сүм баригдахад математикч Габриэле Сторналоко уригдаж тооцоололыг нь гаргаж өгчээ. Энэхүү сүмийн доторх гол тулгуурыг 45 метрээс хэтэрч болохгүй гэсэн тооцоо гаргаж өгсөн байна. Дуомо сүмийн урт нь 158.5 метр, өргөн нь 92 метр, өндөр нь 108 метр.
 Нэг дор 40 мянган хүн багтах багтаамжтай ийм том сүм байна.
Тэр дээр сэргээн засварлалт хийгдэж байна


Ром хот
Италийн Ром хот бол үнэхээр тэр чигээрээ түүх соёл. Аялалын турш хамгийн удаан саатмаар байсан хот бол яах аргагүй Ром хот байлаа. Ром хот нь Италийн нийслэл төдийгүй хамгийн том хот нь юм. Хүн амын нягтрашлаараа Италидаа хамгийн томд тооцогддог. Олон зуун жилийн туршид барууны соёл иргэншлийн төв байсан бөгөөд Католик сүмийн төв байрладаг газар юм. Ром хот нь дэлхийн хоёрдугаар дайнд харьцангүй бага өртсөн цөөн хотуудын нэг учраас төв хэсэг нь Сэргэн мандалтын үеийн хэв маягтай. Ром хотын түүхэн төв хэсэг нь Дэлхийн өв хэмээн Юнеско-д бүртгэгдсэн.
Ром хот дотор тусгаар тогтносон Ватикан хот улс оршдог. Ватиканы музейг XVI зууны эхэнд Юлий II үүсгэн байгуулжээ. Энэ гайхалтай музей дотор Микеланджелогийн алдарт бүтээлүүд болох Сикстины капеллын дээврийн дотор талбайд сэргэн мандалтын гайхамшигт туурвилуудаа бүтээсэн. Италийн агуу зураач Микеланджело Буанарротийн уран бүтээл сэргэн мандалтын үеийн соёл урлагийн хөгжилтэй салшгүй холбоотой. 1535-1541 онд Сикстиний капеллын ханад “Аймшигтай шүүлт” гэсэн 2000 ам дөрвөлжин метр талбайтай ханын зургаа бүтээсэн.
Ватиканы хот улс дотор байх гэгээн Петрийн сүмд саатаж Микеланджелод нэр алдар авчирсан анхны уран барималын нэг ариун Петрийн сүмд хадгалагдаж буй “Пьета”-г үзлээ. Ватиканы музейг жил бүр 4-5 сая хүн үздэг байна.
Түүхэнд Ромын урлагийг эртний грекийн соёлын хөгжлийн эцсийн өндөр үе шат гэдэг билээ. Тэр нь нутгийн үндэстэн овогтон, хамгийн түрүүнд этруссын соёл аугаа их Грекийн бүтээлч уламжлалын саруул туяан дор дэгжин бойжиж, харилцан нөлөөлсний үр дүнд бий болжээ. Ялангуяа Грекийг довтлон дагуулсанаас хойш энэ гайхамшигт урлагийн нөлөө ургаж байсан Ромын урлагийг бүтээх явцад ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн нь үнэн боловч тэр нь нэгдмэл нэг үзэл санаа, урлагийн зарчим, нэг гол агуулга хэлбэрээ чанд хадгалан сахиж, түүнийгээ амжилттай хөгжүүлсэн юм. Энэ чанараараа Ромын урлаг болон түүхэн шинэ үед эртний Грекийн сод гайхамшигт урлагийн уламжлалыг зөвхөн өвлөж залгамжлаад зогсоогүй бүтээлчээр хөгжүүлж шинэ үзэл агуулга, сэдэв дүр, тогтолцоо зохиомжоор баяжуулсан тул дэлхийн урлагийн санд зохих хувь нэмрээ оруулсан болно. Урлаг соёл, барилга байшин, хувцасны хөгжил нь хоорондоо салшгүй холбоотой байсан. 

Ватиканы музей


Хивснүүд
Энэ дээрх зургийг азаа үзэж дарсан зураг болно. Ватиканы музей дотор ганц зураг авахыг хориглодог танхим энэ болно. Хана тааз битүү уран зураг. Тэр цаана Микеланджелогийн  "Аймшгийн шүүлт" гэдэг алдарт ханын зураг нь харагдаж байна. Хэрвээ зураг авч байгаа нь мэдэгдвэл камер хураахаас гадна торгодог гэсэн.Үүрчихсэн камерныхаа товчоо хурдхан шиг дарчихсан чинь ийм дүр зураг л буулаа хэхэ.
Дараа нь Гэгээн Петрийн сүм орцгоов

Микеланжело  “Пьета”



















Дараа нь бид Ромын эзэнт гүрний үед баригдсан хамгийн том байгууламж болох Колоссеум цэнгэлдэх хүрээлэнг зорьсон

  Мөнгө олох гэсэн нэг ийм нөхдүүд л хаа сайгүй




















Trevi Fountain . Хүслээ шивнээд зоос шидсээн :) Биелнэ гэж итгэж байгаа



Үргэлжлэл бий ....

No comments:

Post a Comment