Friday, February 10, 2017

Аян замын тэмдэглэл 4

Европын аялал маань Францын Парис хот, Швейцарийн Женев хот, Италийн Милан, Ром, Флоренс, Венец хот, Австрийн Инсбрук хот, Германы Хайделберг, Франкфурт хот болон буцахдаа Туркийн Станбул хотод нэг хоносон. Өмнөх тэмдэглэлүүдэд маань ихэвчлэн түүхийн дурсгалт газар, барилга байшин, уран баримал, уран зураг байсан бол энэ удаагийн тэмдэглэлдээ замдаа хэдэн цаг саатсан Женев хот, замдаа нэг хоносон Инсбрук хот, Германы Хайделберг Франкфурт  хотуудаар явсан тухай тэмдэглэлээ бичлээ. Нийт 12 өдрийн аялал байлаа.

Парисын "Gare de Lyon" галт тэрэгний буудал
Замдаа ном уншиж цонхоор байгалийн гоо сайхан харж биширсэн шиг л явсан :).  Парисаас Женевт ирэхэд бүүдгэр тэнгэртэй нам гүм хот угтав.

Женев
Швейцарийн 2 дахь том хот Женев нь Рон гол Женев нуураас (Леман нуур) тусгаарлагддаг хэсэгт байрладаг ба Алпийн нуруу, Жура гэсэн 2 уулсаар хүрээлэгддэг хот юм. 15,93 км 2газар нутагтай, 194,458 гаруй хүн амтай.Франц хэлийг түлхүү хэрэглэдэг хот юм. Женевт Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Улаан Загалмайн агентлагуудын төв байр зэрэг олон улсын байгууллагууд олноор байрладаг ба үүгээрээ дэлхийд өндөр үзүүлэлттэй байдаг.

Баруун европын алдарт Леман нуур, 150 орчим метрийн өндөртэй оргилдог Жэттейбонсе усан оргилуур. 


  Европ дахь Нэгдсэн Үндэсний байгууллагын төв байрны өмнө байрлах эвдэрхий сандал. 12 метрийн өндөртэй, 5,5 тонн мод ашиглаж хийгдсэн сандал. Даниель Берсе, Луи Женев нарын бүтээл. 1997 онд хийгдэж  мин бомб хэрэглэхийн эсрэг  олон улсын конвенци дээр гарын үсэг зуртал 3 сарын турш л байрлах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл байж байгаа юм байна. Бас нэг өөр тайлбар байдаг нь конгрессын гишүүд  нь сандлаа хугартал ярилцаж ухаанаа алдтал хуралдаж, бодит амьдрал дээр энхтайвны билэгдэл нь хугархай сандал болсон гэсэн ч тайлбар байдаг юм байна.
Хотын цагчингууддаа зориулсан төдийгүй байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах бэлэг тэмдэг болсон Женев хотын энэхүү Цэцгэн цаг нь 1955 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд цэцгэн чимэглэл нь жилд улиралд солигддог байна. Нэг удаагийн чимэглэлдээ дунджаар 6500 цэцэг ашиглаж олон цэцэгчин ажилладаг байна.
Австри явах замд
Австри Инсбрук
Инсбрук нь баруун Австрийн Тайрол мужийн нийслэл юм. Силл голын уулзварт өмнөд хэсгээрээ Патскерофел болон Серлес уулс, хойд хэсгээрээ Нордкет гэсэн өндөр уулсын хооронд Инн хэмээх уудам хөндийд оршдог. 104.91 км 2газар нутагтай. 121,329 хүн амтай. Хэд хэдэн өвлийн олимпийг зохион байгуулж олон улсад өвлийн спортын төв гэдгээрээ алдартай юм.


Алтан дээвэртэй байшин

Австри нь Swarowski-н эх орон гэсэн шиг л гудамжинд нь ч гэрлэн бүрхүүл :)


Хамт аялагсадтайгаа бид аян замдаа дуутай хууртай хөгжилтэй маш сайхан явсан.

Үлгэрийн орны дундуур л яваад байгаа мэт цав цагаан модод, өндөр уулс дундуур явж байхад үнэхээр зүүдлээд ч байгаа юм шиг гоё байсан.

Германы Хайделберг хот
Германы зүүн өмнөд хэсэгт байрлах Хайделберг хот нь Baden-Wьrttember мужийн 5 дахь том хот нь юм. Оүлденволд уулын хөндийд Некар голын эрэг орчим оршдог. 108.83 км2 газар нутагтай. 149,633 хүн амтай. Хайделберг хот нь романтик орчин, хотын үзэсгэлэнт төрх, Хайделберг ордон, барокко маягийн Хуучны хотын төв гээд жуулчдын сонирхлыг ихээр татдаг.


Франкфурт
Германы 5 дахь том хот юм. Хессэ мужийн хамгийн том хот. Таунус уулын зүүн өмнө зүгт Мэйн голын 2 талд оршдог. 248.31 км2 газар нутагтай. Хүн амын тоо 687,775. Европ тивийн санхүүгийн хамгийн том төв ба дэлхийн тэргүүлэх санхүүгийн төвүүдийн жагсаалтад зүй ёсоор ордог юм байна. Өндөр барилга байгууламжаараа Европын хотууддаа дээгүүр байранд ордог.





Монгол руугаа буцахдаа бид Туркийн Истанбул хотод нэг хоносон.


Туркийн Истанбул хот
Истанбул нь Босфорын хойг дээр орших бөгөөд Туркийн баруун хойд хэсгийн Алтан эвэр хэмээх өвөр газрыг эзлэн оршдог. Босфорын Ази болон Европ дахь талуудын аль алин дээр нь орших бөгөөд хоёр тив дээр оршдог дэлхийн цорын ганц хот юм. 13.9 сая хүн амтай. 5.343 км2 газар нутагтай. Туркийн эртний нийслэл төдийгүй мөн хамгийн том хот ба хүн амын тоогоороо дэлхийд 2 дугаарт бичигддэн томоохон хот.
Энэ хотод нэг л хонож автобусаар хотын аялал хийж удаан саатагүй ч гэсэн маш их таалагдсан.


Европоор аялж байхад удаан саатаж үзэх зүйл ихтэй Итали хамгийн их таалагдсан. Байгалийн үзэсгэлэнгээрээ Австри Швейцарь маш  их таалагдсан. Хоол ундаараа Герман л хамгийн их таалагдсан.
Энэ аялалаасаа маш их урам зориг, маш их санаа оноо өвөртлөн ирсэн :).
Энэхүү аялалаас олж харсан зүйлээ товчхон бичихэд энэ улс орнууд байгаль дэлхий, өөрсдийн үнэт өв, урлагийн үнэт зүйлсүүдээ ямар сайхан хадгалж хамгаалж улам сайхан болгож байдаг юм бэ л гэсэн бодол шууд төрсөн. Уулга алдаад л явж байхдаа манай монголд ч гэсэн хүмүүсийн амыг ангайлгаж, нүдийг нь бүлтийлгэх гайхалтай онгон байгаль , соёлын өвүүд бий шүү дээ гэж бодож явлаа. Бид байгаа бүхнээ хайрлан хамгаалах л юмсан даа.
Төгсгөлд нь ийм гайхалтай аялалыг маш сайн зохион байгуулсан Mongolian Tours компанид дахин талархал илэрхийлье

No comments:

Post a Comment