Monday, February 13, 2017

Аян Замын тэмдэглэл - Paris

Европоор аялах нь миний оюутан насны мөрөөдөл. Оюутан байхдаа өрөөнийхөө хананд хүслийн самбар хийгээд дээр нь өөрийнхөө хүсдэг мөрөөддөг бүхнээ нааж байж билээ, Paris-н цамхаг, NY-н эрх чөлөөний хөшөө, загвартай холбоотой бүхнийг л наасан байдаг байлаа.
 Эргээд харахад тэр самбар дээр наасан бүхний ихэнх нь биелжээ NY-т ажиллаж үзсэн, шоугаа хийж үзсэн, номоо гаргасан, гадаадын шоунд орж үзсэн, миний загварыг үйлдвэрлэж олон хүмүүс өмсөөсэй гэсэн мөрөөдөл маань биелсэн, аялая гэсэн газруудаар аялж үзэж байна, өөрийнхөө хамгийн дуртай ажлаа хийж байна :) 
Энэ бүхэн ид шидийн аргаар биелээгүй ээ :) Уйгагүй зүтгэлийн, хөдөлмөрийн үр дүнд биелсэн.  Бурхан байдаг гэдэгт би итгэдэг, энэ түм буман хүмүүс дундаас үнэхээр зүтгээд байгаа хүмүүсийг бурхан олж хараад шагнаж урамшуулж тусалдаг гэдэгт итгэдэг.
Цааш нь ч мөрөөдлүүдээ биелүүлэхийн төлөө зүтгэсээр л байх болно.
Хүмүүс би тийм ийм зүйл мөрөөддөг даанч тэр мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө л хэрэгтэй байна гэцгээдэг. Гэтэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө юу ч хийхгүй ямар нэг алхам хийхгүй суусаар байдаг. Би 10 жилд байхдаа үеийнхэн ангийнхан сургуулийнхаа мөнгөтэй баян, дарга сайд, дипломатуудын айлын хүүхдүүдэд лав атаархаж  байгаагүй. Тэд гое хувцас өмсөж гадаад дотоодоор их явдаг л байсан. Тэр үед харин би хэзээ нэгэн цагт мөрөөдөл бүхэндээ хүрэх л болно гэж ирээдүй рүү инээн алхаж явсан. Удаанаар ч хамаагүй, алхам алхамаар ч хамаагүй, өөрийнхөө чадвараар, өөрийнхөө чадлаар, өөрийнхөө дураар алдаж оносон ч хамаагүй зүтгэсээр мөрөөдлүүдээ биелүүлэх амт л хамгийн сайхан.  Хэрвээ би бүх л юм нь бэлэн баян айлын охин болж төрсөн бол байхгүйгээ бий болгох гэж зүтгэхгүй, олон зүйл мөрөөдөж тэр болгондоо хүрэх гэж зүтгэхгүй байх байсан, мөрөөдөл биелэх тэр гайхалтай амтыг мэдрэхгүй байх байсан.  Хийсэн бүтээснээрээ л тэжээгддэг хийсэн зүйлээ харж урам авч баярладаг уран бүтээлч урлагийн гэр бүлд төрсөндөө би хамгийн их баярладаг.
Би хөдөлмөрлөж зүтгэж олсон мөнгөө аль болох л эргүүлээд уран бүтээлдээ зарцуулж, аль болох явж газар үзэхийг эрхэмлэдэг.  Хүн өөрийн оюун ухаан болон чадвартаа итгэдэг болсон цагт тэр чинь л чиний баялаг гэдгийг ойлгосноос хойш учиргүй хурааж цуглуулалгүй олсноо эргүүлээд дуртай зүйлдээ зарцуулахыг л илүүд үздэг болсон.

Парис хотын тухай бага байхад газар зүйн хичээлээс гадна, ааваасаа их зүйл сонсож байсан. Оюутан болоод урлагийн түүхээс үзэж, миний мэргэжилтэй холбоотой энэ гайхалтай хотод очиж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан. Тэнд өөрийн загвараа өмсөөд алхаж байх юмсан гэж мөрөөддөг байсан.
Олон цаг нисэн Парис хотод орой буулаа.  Буудалдаа ирээд маргааш мөрөөдлийн хотоороо алхана гэж бодхоос нойр хүрдэггүй бодож мөрөөдсөөр хөрвөөсөөр өглөө болгов. Биднийг ирэхээс өмнө тувт бороотой байсан гэх ч очсоны маргаашнаас нар гарч цаг агаар маш сайхан байлаа. Өглөө босоод хамгийн түрүүнд Эффелийн цамхаг руу гарч Парис хотыг бүх талаас нь дээрээс тольдов. Ямар сайхан зохион байгуулаллттай ямар ч үзэсгэлэнтэй харагддаг юм гэж ширтсээр.
Францын нийслэл Сена мөрний эрэг дээр, Иль-де Франс бүсийн төвд оршдог.  105.4 км2 газар нутагтай. 2,243,833 Орчим хүн амтай ба  Францдаа хамгийн их хүн амын нягтрашилтай хот. Парис нь2000 жилийн турш маш чухал суурин газар байсан бөгөөд өнөө үед дэлхийн бизнес, сёо урлагийн томоохон төвүүдийн нэг болж хөгжсөн. Улс төр, боловсрол, үзвэр үйлчилгээ, мэдээ мэдээлэл, хувцас загвар, шинжлэх ухаан, соёл урлагт үзүүлэх нөлөө нь томоохон дэлхийн хот байх байр суурьд нь нэмэлт нөлөө үзүүлдэг байна.

Монголоосоо гарахдаа авч гарсан төрийн далбаагаа цүнхэлчихсэн явсан чинь дээш гарахад үүдэнд цүнх шалгадаг хэсэг дээр далбайг маань гаргаж ирснээ цамхаг дээр үүнийг битгий ашиглаарай болохгүй шүү чамд итгэлээ шүү  за гээд далбайг маань хурааж аваагүй :) Эхлээд энэ чинь далбаа шүү дээ юун сүртэй юм гэж бодсон ч дараа нь мөн айхтар улс юм аа гэж бодов.




Явахдаа өөрийн гараар оёж урласан хувцаснуудаас гадна Гоёо кашемирт зориулан Цагаан сарын загварууд үйлдвэрээс гарч амжсан байсануудаас авч явснаа өмсөж явлаа.

Миний Парист очоод хамгийн их үзэхийг хүссэн газар бол Луврын музей байлаа.
Лувр – Парисын гайхалтай олон нийтийн барилга байгууламжуудын нэг. Лувр гэдэг нь хэзээ ч  байгаагүй “Чонын” ой (Luparia, Louverie) –с гаралтай үг бөгөөд энд францын хаадуудын ангийн шилтгээн байрладаг байжээ.  Карл V энэ газарт Парисыг хотын дүр төрхөнд оруулан тэнд өөртөө зориулан ордныхоо өмнө дахин шилтгээн бариулсан. “Франциск I” тэр хуучисаг шилтгээнийг буулгах зарилга буулгад оронд нь 1541 онд шинэ өргөн том ордон бариулжээ.
Шинэ ордны барилгын ажил архитектор Лескогийн удирдлаган доор баригджээ. Их барилгын ажил завсарлагаатайгаар 1857 он хүртэл  олон жил үргэлжилсэн. Архитектрч Лескогийн дараагаар  Луврын барилгын үргэлжлэл дээр  ( Генрих IV )-ын үед  Б. Андруе дю Серсо, ( Людовике XIII)-ын үед Лемерсье, (Людовике XIV)-ын үед Лево, ( Наполеон I)-ийн үед Персье болон Фонтен, хамгийн сүүлд ( Наполеон III) –ны үед архитектор Висконти болон Лефюель нар ажиллажээ. Бүгд тухайн үеийнхээ урсгал, барилга архитектурын  дагуу гүйцэтгэж иржээ.
Үүний үр дүнд Луврын хэсэг бүр өөр өөрийн онцлогтой гайхалтай энэ барилга Францад төдийгүй дэлхийд ганцхан юм. “Хуучин Лувр”, “Шинэ Лувр” 2 хэсгээс бүрдэх 195000 кв. метр талбайтай музей.
Лувр дотор байдаг музейнууд
Эртний Египет
Эртний Ассир, Финик /хамгийн их үнэт цуглуулгатай/
Этрусс,Грекийн ваар (Кампаны цуглуулга)
Эртний гантиг барималууд /Венера Милосская, Диана Версальская г.м/
Дундад зууны, Сэргэн мандалтын үеийн баримал хөшөөнүүд / Б. Челлини ДианаФонтенеблоская, Микеланджелогийн бүтээлүүд г.м / байдаг
Шинэ үеийн барималууд /Пюже, Куазево, Куст, Гудон, Шоде, Рюда/ нарын ажлууд
Зургууд  /Дэлхийн  төрөл бүрийн зургийн сургуулиудын 2000  жишээ зургууд багтсан /
Алдарт зураачдын эх бүтээлүүд
Паалан, алт мөнгөн эдлэлүүд гэм мэт олон танхимуудтай.

Мэдээж энэ хотод олон хоногоор саатаагүй тул энэ том музейн гол гол танхимуудаар нь орж амжсан. За тэгээд Луврын музейгээр хамттай аялж дэлхийн гайхамшигт бүтээлийн зургуудыг үзээрэй :)
Enjoy








Людовик XVI-н титэм 1722 










Давид Жак-Луи. 1804 









Алдарт Леонардо Да Винчигийн Мона Лизагийн талаар олон тайлбар байдаг. Энэ гайхалтай хөрөг зургийг үзэхийн тулд л өнцөг булан бүрээс жил бүр хэдэн сая хүн Парисыг зорьдог.
Флоренцын нэгэн баян өөрийн гэргийнхээ хөргийг зураачид зуруулах захиалга  өгчээ.  Энэ хөрөг европ дахины урлагт бүтээгдсэн сэтгэхүйн ертөнцийг гайхалтай урнаар тольдсон хамгийн анхны хөрөг  зураг болжээ. Леонардо Да Винчи  Флоренцийн үзэсгэлэнт хатагтайн ялдамхан зан ааш, уян зөөлөн төрх байдлыг гайхан биширсэн сэтгэлийн оргил хөөрөл, мөрөөдлөө уран сайхны хэлээр дуулсан билээ. Сэргэн мандалтын алдартай урлаг судлаач Вазари, Леонардо энэ хөргөө хэрхэн зурсан тухай ингэж өгүүлжээ ’Мона Лизагийн сэтгэл санааг тайван талбиун баясгалантай байлгаж, биеийг нь чилээж алжаалахгүй зурахын тулд түүнд  зориулан шүлэг, яруу найргаа бичиж өөрөө уншиж, дуу зохиож, олон хөгжимчдийг урьж тоглуулж байж зурсан’гэжээ. Леонардогийн уянгалаг шүлэг найраглал, дуу хөгжимд нь уяараад ч инээмсэглэсэн байж болох юм, хөгжөөнтэй ярианд нь баясаад ч мишээсэн байж болно.  Хамгийн гол нь Леонардо Да Винчи энэ бүсгүйн царайд яаж энэ үл мэдэгдэм мишээлтийг зурж чадсаныг нь хүмүүс үеийн үед гайхан биширч түүний инээмсэглэлтэй учрахыг мөрөөдөж тэмүлж иржээ.








 Эжен Делакруа  1830. 


Деларош, Поль.  Альпыг гаталж буй Наполеон


Энгр, Жан-Огюст-Доминик 

Жанна Дарк

 Эдгээр гайхалтай бүтээлүүд ямар ч тайлбарлагч хэрэггүй бүтээлүүд өөрөө яриад байгаа мэт амьд ч юм шиг тийм гайхалтай 






Онгоцонд замдаа унталгүй нисэж ирээд 2 өдөр нойргүй гархилсан байсан ч энэ гайхалтай газар орж ирэхэд нүд сэргээд хүч ороод л ирж байгаа юм даа :)

Миний энэ зогсож байгаа газар бол Парис хотын алдарт Ялалтын хаалга. Елисейн тал нь Конкордын талбайгаас Ялалтын хаалга хүртэл 1915 м урттай, өргөн нь 71 м. Энэхүү ялалтын хаалга нь Наполеоны зарлигаар 1806-1836 онд архитектор Жан Шальгерны удирдлаган доор хийгджээ. Жил болгоны 7 сарын 14-нд үндэсний баярараа энэ ялалтын хаалганаас Конкордын талбай хүртэл цэргийн парад явдаг юм байна. Парис нь дэлхийн хамгийн их жуулчдыг татдаг газар бөгөөд жилд дунджаар 30 сая хүн ирдэг байна.

Оройн нь хотын төвөөр алхаж зарим нэг дэлгүүрээр нь орж явлаа. Би дэлгүүр орхоороо ихэвчлэн дотоод засал чимэглэл болон хувцаснуудын загвар материалыг харж явдаг.  Ер нь аль ч улсаар аялахад төв талбай гудамж болон үзмэрүүдээр явахад ихэвчлэн цагаачид болон жуулчид л харагддагтай адил Парис ч мөн ялгаагүй тийм байлаа.
Үргэлжлэл бий....


Европоор аялах энэ  аялалыг маш сайхан зохион байгуулсан Mongolian Tours компанид энэ дашрамд бүх аялагчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.


No comments:

Post a Comment